Sunday, October 9, 2016

Хүний үүсэл

Япон улс хөгжилтэй сайхан нь ард түмэндээ үзүүлж буй танин мэдэхүйн нэвтрүүлгээр их илэрнэ. 2012 онд цацагдсан энэхүү нэвтрүүлэгт хүн төрөлхтөн хэрхэн үүсэж, бусад амьд биетээс юугаараа ялгаатай онцлог болохыг их сайхан тайлбарлажээ. Хуваалцмаар санагдаад өөрийнхөө хэмжээнд бяцхан тэмдэглэл бичлээ.


1. Энэ нэвтрүүлэгт дурдсанаар бидний өвөг дээдэс болох Homosapiens нь Африк тивд 200 мянган жилийн өмнөөс байсан ба дөнгөж сүүлийн 50 мянган жилд л дэлхий даяар тархсан байна. Бломбос(Blombos Cave) гэх энэхүү Африкын агуйгаас олон тооны 1см хэртэй ижил хэмжээний дунгийн яс (хүзүүний зүүлт) болон исэлдсэн төмөр агуулсан чулуу (энэхүү чулуугаар зурахад улаан өнгө гарах ба анхны нүүрний будаг байсан гэж үзэж байна) олдсон байна. Энэ нь өнгөцхөн харахад эртний хүмүүс гоёж гооддог байсан байна гэсэн дүгнэлтэнд хүргэх боловч үнэн хэрэгтээ их нарийн учир шалтгаантай байжээ. Учир юу гэвээс, одоогийн Африкын Намибиа улсын Калахари гэдэг цөлд амьдардаг овог(гурван үеийн 20-оод хүн нэг овог болон амьдардаг) нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ёс заншлаа дагадаг ба тэрхүү ёс заншил нь охиноос ээжид, ээжээс охинд гэх мэтээр бие биедээ хүзүүний зүүлт бэлэглэдэг ба хүзүүний зүүлт олон байх тусам найз нөхөд тусалж дэмжих хүн олон гэсэн санааг илтгэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл харилцан тусалж дэмждэг найз болон гэр бүлийн хүндээ хүзүүний зүүлт бэлэглэснээр бие биенээ гэх сэтгэл, найрсаг харилцаагаа баталгаажуулдаг байсан байх юм.
(Энэ нь цаашлаад хуримын бөгж солилцох үүсэл болсон байх)
Бие биенээ гэх сэтгэлээ яагаад баталгаажуулах гээд байна гэхээр үүнд 2 шалтгаан байжээ. 1рт, өнөө үед ч тэр, тухайн үед ч тэр Африкийн цөл газар хоол хүнс хомс, ганцаараа идэлгүйгээр бусадтайгаа хуваалцаж идье гэсэн санааг агуулж байгаа юм байх. 2рт, 2 хөл дээрээ явдаг болсноос хойш хүний аарцаг яс тэр дундаа эмэгтэй хүний хүүхэд төрүүлж гаргах тойрог нь маш жижигхэн болсноос хүнд төрөлт олширч, хүүхдээ ганцаараа өсгөхөд хэцүү олны дэмжлэх гарцаагүй хэрэгтэй байсан байна.
(Аа харин хүн эхийн сүүнээс гадна хүүхэддээ багаас нь хоол тэжээл өгдөг болсноор, эхийн дахин үр тогтоох чадвар ихсэж, хурдацтай өсөж үржих хүн амд Африк тив ганцаараа хангалтгүй болж эх дэлхийгээр нэг тарах эхлэл нь болсон юм гэнэлээ.)


2. 73000±4000 жилийн өмнө болсон Тоба галт уул дэлбэрлэтээс (Toba catastrophe theory) болж дэлхийн дундаж темпрератур -12 хэм хүртэл буурч амьд биес устаж үгүй болж байхад хүн амьд гарч чаджээ. Судлаачид амьд үлдсэн хамгийн том шалтгаан нь цусан төрлийн биш гадны хүнтэй хүртэл харилцан туслалцах харилцааг бий болгож чадсанд гэж дүгнэж байна. Үүний нотолгоо нь хар шил (obsidian) хэмээх чулуу юм байх. Энэхүү чулуу нь хурц иртэй хутга маягаар ашиглагддаг байсан ба чулууний бүтэц найрлагыг шалгахад аль улс нутгийн чулуу болохыг мэдэж болдог юм байх. Галт уул дэлбэрэхийн өмнөх үед энэхүү чулуу нь тухайн Тоба галт уулын эргэн тойрон 10км радиусд тархсан байсан бол дэлбэрэлтийн дараа 70км радиусын газраас хүртэл олджээ. Энэ нь юу хэлээд байна гэхээр цусан төрлийн биш өөртэй нь огт холбоогүй хүнтэй дайсагналцалгүй хомс хоолооо хуваалцаж байсан, ингэсний үндсэнд галт уулын дэлбэрлэтээс болж үүссэн 2 жилийн өлсгөлөнг даван туулж чадсан гэсэн дүгнэлтэнд хүргэжээ.


3. Шимпанзе хүн 2 генийн мэдээллийн талаасаа 99% төстэй ба 7 сая жилийн тэртээгээс 2 өөр төрөлд тооцогдон хөгжиж иржээ. Судлаачид нэг нь яагаад оюун ухаант хүн болон хөгжөөд нэг нь яг бахь байдгаараа үлдэв, юунд учир нь байна гээд их судалдаг ба нэгэн туршилт хариулт нь болжээ. Хоорондоо юм солилцож болохуйц цонхтой 2 шилэн өрөөнд нэг нэг шимпанзе байрлуулаад нэгнийх нь өмнө уух дуртай ундааг нь гараа сунгаад хүрэхээргүй газар тавиад нөгөөгийнх нь өрөөнд уртхан мөчир тавьжээ. Нэг шипанзе нь надаа наад мөчирөө өгөөч гэж дохивол, нөгөө шимпанзе нь мөчрөө түүнд өгөх юм. Аа харин тэгж дохихгүй бол мөчир өгөх гэж ер оролдохгүй ба бас нөгөө талаас мөчрийг нь авчаад ундаагаа гартаа үруулж чадсан ч мөчир өгсөн шимпанзетайгаа хуваалцана гэсэн ойлголт байсангүй. Судлаачид гагцхүү энэхүү тус болох чанар, хуваалцах чадвар хүнийг хүн болгож, тэгэх чадваргүй шимпанзег шимпанзе хэвээр нь үлдээжээ гэсэн дүнгэлтэнд хүргэжээ.


Энэ нэвтрүүлгийн төгсгөлд хөөрхөн хүүхдүүдийн зураг гарна. Тэд бол 2р дайны дараа аав ээж нь байхгүйн улмаас асрамжийн газар байгаа хүүхдүүд. Хэдий ариун цэврийн байдал, хоол тэжээл нь хангалттай байсан ч эдгээр хүүхдүүдийн 37% нь 2 нас хүрэхээсээ өмнө нөгөө ертөнцийг зорьжээ. Хамгийн гол шалтгаан нь тэдэнтэй ярих хүн байгаагүй тэд өдөржингөө орон дээрээ өнгөрөөдөг байсан ба хоолоо идсэн ч хэт жаахан биетэй байсан зэрэг баримт байдаг юм байна.


Үүний дараах ангиуд дээр Африкт олширсон хүн дахин өөр газар нутаг хайхаар их аян хийж, энэ хооронд Неандэртал(Neanderthal) гэх Homosapiens-тай хамгийн төстэй хүмүүстэй таарах ба энэ хүмүүс сүрдмээр том биетэй энэ чанараа ашиглаж том амьтан барьж иддэг байсан бол хүн жад гээч зэвсэгтэй болж жижигхэн ан авладаг болсноор хоол хүнсний тоо олширч цагийн аясаар амьд үлдэж гарч чадсан байхад Неандэртал хүмүүс устаж үгүй болжээ. Тэгээд хүмүүс ан авладаг байж байгаад газар тариалан эхлэдэг болж, суурин амьдрал эхлэхэд нөгөө жад гэх зэвсэгээ ашиглан хууль дүрэм гаргаж, зөрчсөн нэгнийг нь жадаараа шийтгэдэг байсан зэрэг яриа гарч байна. Ингээд дуртай ч байсан дургүй ч байсан олноороо бөөгнөрөн амьдардаг болсон хүмүүс өөрийн эрхгүй бусдын нүдийг анхааралдаа авч амьдардаг болсон гэнэ. Тэрхүү чанар нь хүүхэд төрөнгүүт бүрэлддэг ба нялх хүүхэд хүнийг инээж уурлаж байгааг ялгаж салгаж чаддаг гэнэ.


Яг энэ 1-р нэвтрүүлэг ангийг онцлоод үзвэл хүнийг хүн болгож ирсэн зүйл бол хүн хүнээ гэх сэтгэл гэж дүгнэмээр байнаа.


Аа харин, сүүлийн анги дээр хүнийг хүн болгосон зүйл бол мөнгө гэнэдээ кк.
Марксын хэлснээр хөдөлмөр хүнийг бүтээнэ гэгчээр мөнгө хүнийг хүн болгосон гэнээ кк.


Эх сурвалж
http://www.at-douga.com/?p=11449

No comments:

Post a Comment